Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим

4.1 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцана.

4.2 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.

4.3 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.

4.4 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах, сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөлөх, аливаа нэмэлт, зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж ажиллана.

4.5 Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэн нь эхэлж үйлчлүүлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтална.

4.6 Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд шийдвэрийг бичгээр авна.

4.6.1 Тусламж үйлчилгээнээс үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;

4.6.2 Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;

4.6.3 Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт (гоо сайхны мэс ажилбар, мэс засал хамаарна);

4.6.4 Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийх (хүлээн авагч ба донороос тус тусад нь зөвшөөрөл авна).

4.7 Хэрэв үйлчлүүлэгч насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй бол шийдвэрийг түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс бичгээр авна.

4.8 Эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь тохиолдолд үйлчлүүлэгч, түүний ар гэрийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:

4.8.1 Үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд эмгэгийн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий;

4.8.2 Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй.

4.9 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг “Хувь хүний нууцын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд түүнийг амьд сэрүүн байх хугацаанд төдийгүй нас барсных нь дараа ч чандлан хадгална.

4.10 Зайлшгүй шаардлагаар өөрийн хувийн өмчийн эсвэл үйл ажиллагааны ашгаас нь хувь хүртдэг эмнэлгийн байгууллагадаа үйлчлүүлэгчийг илгээх бол энэ тухай үйлчлүүлэгчид мэдээлэхийн зэрэгцээ ижил төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бусад мэргэжилтэн, байгууллагын талаар бүрэн мэдээлэл өгнө.

4.11 Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ тухай түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.

4.12 Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг шийднэ.

4.13 Үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээ цаашид үр дүнгүй нь илэрхий тохиолдолд түүний биеийн байдлыг хөнгөвчлөх зорилгоор өвдөлт, зовиур шаналгааг багасган, амар тайван байдлыг хангахад эмчилгээ, үйлчилгээг чиглүүлж болно.

4.14 Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүчирхийллийн (бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны г.м) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, таслан зогсоох, давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.

4.15 Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, тусламж, үйлчилгээг тэгш, чанартай үзүүлнэ